Монгол, Оросын хамтарсан хайгуулын багийнхан 48 цэргийн шарил олов
Чихэнд чимэгтэй
2025-05-29
Дорнод аймгийн Халхгол суманд энэ сарын 17-24-ний өдрүүдэд явуулсан Монгол, Оросын хамтарсан хайгуулын баг 48 цэргийн шарил олжээ. Үүнээс 36 нь Зөвлөлтийн, тав нь Монголын, долоо нь Японых байсан байна. Улмаар япон цэргүүдийн шарилыг Японы талд хүлээлгэж өгсөн бол Зөвлөлтийн хоёр цэргийн нэрийг тогтоож чадсан бөгөөд цаашид олдсон бичиг баримт болон ДНХ шинжилгээний үр дүнд тулгуурлан бусад цэргүүдийн хэн болохыг тогтоох ажээ. Экспедицэд Оросын 30 гаруй судлаач, Монголын талаас бригадын генерал Д.Баасандамбаар ахлуулсан хилчид, шүүх шинжээчид, Батлан хамгаалах их сургуулийн сонсогч 100 гаруй хүн оролцож Ремизовын өндөрлөг болон Талын манхан, Баянцагааны нуруунд хайгуул хийжээ. Хайгуулын сүүлийн өдөр хамтарсан багийнхан хайгуулын талбайд нарс мод тарьсан байна. Батлан хамгаалах яамнаас багийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дэлбэрээгүй тэсрэх бодисыг илрүүлж, устгах инженер-сапёрын бүлгийг томилсон бөгөөд өдрийн гурван удаагийн хоол зэрэг шаардлагатай бүх зүйлсээр хангажээ. Экспедицийн хоёрдугаар шат наймдугаар сараас есдүгээр сарын хооронд үргэлжилнэ. Хоёр улсын төрийн тэргүүн нар өнгөрсөн онд Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг хэрхэн тэмдэглэх тухай хэлэлцэхдээ Халх голын дайны талбарт хайгуулын экспедиц ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.