Их Британи: Компанийн захирлын муурыг асрах хүнд цагийн 100 паундын цалин амлажээ
Анд нөхдийн мэдээ
2025-05-29
Их Британийн Лондон хотод байрладаг “Aviamarket” нисэх онгоцны худалдааны компани албан тасалгааны муур асрах хүн ажилд авах зар гаргажээ. Асрагч Жерри нэртэй муурыг өдөрт хоёр удаа хооллож, өдөр бүр үсийг нь засах, долоо хоног бүрийн баасан гаригт сонгодог хөгжим сонсгох, сард нэг удаа шинэ тоглоом худалдан авч өгөх зэрэг үүргийг гүйцэтгэх ажээ. Мөн долоо хоногт 40 цаг ажиллах бөгөөд ажлын байдлаас хамааран цагт 65-100 паундын цалин авна. "Цаг богино, цалин өндөр, ховорхон тохиох ажил” хэмээн BBC агентлагийн онцолсон энэ ажлыг хийхээр 250 гаруй хүн хүсэлтээ ирүүлжээ. Жерри нь компанийн гүйцэтгэх захирал Виктор Мартыновын муур аж. В.Мартынов ажил ихтэйн улмаас гэртээ харьж амжихгүй байх нь олон, тиймээс муураа албан тасалгаандаа байнга байлгах болсон байна. Нөгөө талаар Жерри нь зүгээр нэг муур биш, эзнийхээ бизнест том тус хүргэж байсан гэнэ. В.Мартыновын хэлснээр, нэгэн удаа онгоц худалдах хэлэлцээ хийж байх үед Жерри харилцагчийн өвөр дээр үсрэн гарчээ. Харилцагч мууранд дуртай байсан нь уулзалтын уур амьсгалыг зөөллөснөөр хэлэлцээ амжилттай болж талууд шууд гэрээ байгуулсан байна. В.Мартынов энэ бүхнийг дурдан "Жерри тусгай асрагчтай байх эрхтэй” хэмээн ярьсныг ВВС агентлаг уламжилжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.