Япон: Өндөр настнуудыг нүүрээ будаж, арьсаа арчлахад нь тусалж байна
Анд нөхдийн мэдээ
2025-05-20
Японы Канагава мужийн Ёкохама хотын захиргаа гоо сайхны компаниудтай хамтран өндөр настнуудын амьдралын чанарыг сайжруулах, эрүүл мэндийг нь дэмжих зорилгоор нүүрээ будах, арьсаа арчлахад нь тусалж эхэлсэн байна. Ингэснээр хөгшчүүд гадуур гарах нь ихсэж, асрах үйлчилгээ авах хүмүүсийн тоо буурна гэж үзэж байгаа юм. Мөн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч зарим компани хөгшчүүд нүүрээ будсанаар сэтгэл санаа нь өөдрөг болно хэмээн найдаж, тэдэнд зориулсан "косметик эмчилгээ" хөгжүүлэхээр зорьж байгаа аж. Ёкохама хот өнгөрөгч гуравдугаар сарын эцсээр гоо сайхны арчилгааны сургалт эхлүүлсэн бөгөөд “Shiseido” компанийн арга хэмжээнд долоон эрэгтэй, эмэгтэй өндөр настан оролцжээ. Тус компани нүүр будалтаар дамжуулан хүмүүсийн эрүүл амьдралыг дэмжих зорилгоор 2013 оноос хойш өндөр настнуудад арьс арчлах сургалт орж байгаа аж. Уг сургалтад нь хэдийнэ 256 мянган хүн хамрагджээ. Энэ оны нэгдүгээр сарын тооцоогоор Ёкохама хотод асрамж шаардлагатай тэтгэврийн насны 190 мянган хүн байгаа аж. Иймд настнуудын эрүүл мэндийг гоо сайхандаа анхаарах замаар дэмжихээр шийдэн “Shiseido” гоо сайхны компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Улмаар жилд нүүр будах сургалт 60 удаа зохион байгуулахаар болсон бөгөөд гол төлөв асрах газарт байгаа хүмүүсийг хамруулахыг зорьжээ. Мөн өөр компаниуд хавдрын өвчтэй, тусламж шаардлагатай, хараагүй гээд янз бүрийн шалтгаантай настнуудад арьсаа арчлахыг зааж байна.
Эх сурвалж: "Yomiuri" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.