“Lufthansa” компанийн онгоц нисгэгчгүйгээр 10 минут нисчээ
Анд нөхдийн мэдээ
2025-05-20
Өнгөрсөн онд Германы “Lufthansa” компанийн онгоц агаарт 10 минутын турш нисгэгчгүйгээр явсан талаар Испанийн Иргэний нисэхийн хэрэг мөрдөн шалгах газрын (CIAIAC) саяхан нийтлүүлсэн тайланд өгүүлжээ. 205 зорчигчтойгоор Германы Франкфуртаас Испанийн Севилья хот руу нисч явсан “Airbus A321” онгоцны нисгэгч ухаан алдсаны улмаас ийм явдал болсныг шалгалтаар тогтоосон байна. Онгоцны ахмад угаалгын өрөөнд орохоор явсан хойгуур хоёрдугаар нисгэгч ухаан алдсан бөгөөд онгоцыг ухамсаргүйгээр жолоодож байсны зэрэгцээ автомат удирдлага энэ хооронд идэвхтэй байсныг хар хайрцагны бичлэг харуулжээ. Ахмад эргэж ирээд нисгэгчийн бүхээг рүү орохоор хэд хэдэн удаа хонх дарсан боловч хаалга онгойгоогүй тул дотуур холбоогоор хандсан ч мөн хариу өгөөгүй байна. Ингээд ослын кодоор хаалгыг онгойлгон орж удирдлагыг гартаа авчээ. Хөлгийн багийнхан болон зорчигчдын дунд явсан эмч ухаан алдсан нисгэгчид анхан шатны тусламж үзүүлсэн төдийгүй хөлгийн даргын шийдвэрээр онгоцны чиглэлийг өөрчлөн 20 минутын дараа Мадридад буулгасан гэнэ. Хоёрдугаар нисгэгч эмнэлэгт хүргэгдэн тэндээ нэлээд хэдэн цаг байсан байна. CNN-ий мэдээлснээр, түүний ухаан алдсан нь мэдрэлийн системийн тодорхой согогоос шалтгаалсан бөгөөд өөрөө энэ тухайгаа мэддэггүй, нислэг үйлдэхээс өмнө ордог эмнэлгийн үзлэгээр энэ нь илрээгүй байжээ.
Тайлан нийтлэгдсэний дараа “Lufthansa” компани ийм явдал болсныг хүлээн зөвшөөрч, Испанийн талтай хамтран ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна. Компанийн аюулгүй байдлын алба мөн энэ явдлыг мөрдөн шалгасан гэх бөгөөд “Lufthansa” компани CIAIAC-ийн тайлангийн тухайд илүү тодорхой тайлбарыг ойрын үед гаргана гэнэ.
Нислэг үйлдэх үед нисгэгч гэнэтийн байдлаар хөдөлмөрийн чадвараа алдах, тэр дундаа нас барах явдал цөөн боловч тохиолддогийг CIAIAC тэмдэглэжээ. Европын комиссын цуглуулсан мэдээллээр, 2019-2024 онд ийм хэрэг 287 удаа гарсан байна. АНУ-ын агаарын тээврийн компаниудын хувьд 1993-1998 оны хооронд, нислэгийн үеэр нисгэгч гэнэт ажлын чадвар алдсан явдал 39 удаа гарсан гэнэ.
Гэрэл зургийн эх сурвалж: Michael Probst/AP
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.