images

Бүүкерийн шагналын шүүгчээр жүжигчин Жессика Паркер ажиллана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-19


   Америкийн "Sex and the City" олон ангит киноны Кэрри Брэдшоугийн дүрээр алдаршсан жүжигчин Сара Жессика Паркер энэ жилийн Бүүкерийн шагналын шүүгчээр ажиллах болжээ. Тэрбээр “PEN America Literary Gala” арга хэмжээнд оролцож ярилцлага өгөхдөө "Толгой өндийх завгүй ажиллаж байна. Өдөрт хоёр ном уншиж байна" гэжээ. Улмаар Бүүкерийн шагналын шүүгч байх нь нэр төрийн хэрэг ч шүүлтэд орох ёстой бүх номыг уншихад амаргүй байгаагаа хэлсэн бөгөөд “Нэг дор ийм олон ном унших боломж гарч ирсэн нь үнэхээр сайхан байна" гэжээ. С.Паркер ном их уншдагаараа жүжигчид дундаа алдартай. Тэрбээр "Би бага байхаасаа ээжийгээ дагаж, ном унших дуртай болсон. Манай гэр бол номын сан шиг байдаг байв. Гэрээсээ гадагш гарахдаа номгүй гарч чаддаггүй байсан” гэж ярьсан удаатай. Тэрбээр сүүлийн жилүүдэд хэвлэлийн салбарт хөл тавьж, 2016 оноос хойш “Penguin Publishers” компанид редактороор ажиллах болсон бөгөөд 2023 онд өөрийн бие даасан “SJP Lit” хэвлэлийн компаниа байгуулсан аж. Бүүкерийн шагналын хороо өнгөрсөн оны 12 дугаар сард С.Паркер, Нигерийн зохиолч Айобами Адебаёо, Их Британийн зохиолч, утга зохиолын шүүмжлэгч Крис Пауэр, Америкийн зохиолч Кайли Рейд нарыг шүүгчдийн бүрэлдэхүүнд томилсон тухайгаа мэдэгдсэн юм. Дэлхийн утга зохиолын шилдэг гурван шагналын нэгд тооцогддог уг шагналыг 1969 оноос олгож эхэлсэн бөгөөд Салман Рушди, Маргарет Этвүүд, Хан Кан зэрэг нэртэй зохиолчид хүртэж байжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.