Ганга нуур орчимд энэ жил 12 мянган мод тарина
Чихэнд чимэгтэй
2025-06-10
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ганга нуурыг ширгэхээс хамгаалах, урсацыг сайжруулах ажлын явцад Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаанаас өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр хяналт тавьж, цаашид хэрэгжүүлэх ажилд мэргэжлийн зөвлөмж өгсөн байна. Нуурыг бохирдох, ширгэхээс хамгаалах, урсацыг сайжруулах төслийн нөхөн сэргээх, ойн төгөл байгуулах ажлыг “УБТ гарден” компани гүйцэтгэж байгаа ажээ. Тус компани 2024 онд нийт 7200 хайлаас, бургас, жимсний мод тарьсан бол энэ онд нийт 12 мянган мод тарихаар төлөвлөжээ. Үүнээс одоогийн байдлаар 2000 гаруйг нь тариад байгаа бөгөөд Талын худагаас ус зөөж модоо усалж байгаа ажээ. Улмаар дуслын усалгааны систем байрлуулах, нуур орчмын тохижилтын ажлыг энэ жил эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Усны түвшин нь багасаж, экосистем нь бохирдоод байсан Ганга нуурыг хамгаалах цогц ажлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2019 онд эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд бэлчээрийн усан хангамжийн 10, ойжуулах талбайн усалгааны гурван худаг тус тус гаргасан бөгөөд нуурыг тойруулан хамгаалалтын 15 км хашаа татаж, гурван га талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн, найман га талбайд ойн зурвас, хоёр га талбайд мод үржүүлгийн газар байгуулсан юм. Мөн нуурыг усаар тэжээдэг 21 булгийг байгалийн жамаар нь сэргээж, элсний нүүдэл, шороон шуурганаас хамгаалан, нуурын эргийг чулуужуулах, ойн зурвасыг өргөтгөх, шувуу харах цамхаг байгуулсан байна. Сүхбаатар аймгийн Дарьганга суманд хээр тал, говь нутгийн зааг дээр оршдог уг нуурын намгархаг газарт цэн тогоруу, хошуу галуу, хонин тоодог, гангар хун, хондон ангир зэрэг нүүдлийн ховор шувууд чуулж үрждэг. 2020 онд нуурын ус 30-40 см, 2021 оны 4-5 дугаар сард өмнөх оныхоос 8-12 см-ээр нэмэгдсэн дүгнэлт гарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.