images

АНУ: Шууд нэвтрүүлгийн үеэр хөтлөгчийг хорт хавдартай гэж оношлов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-13


  АНУ-ын Филадельфи хотын нэгэн телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр хөтлөгч арьсны хорт хавдартай болох нь тогтоогджээ. Тодруулбал “Fox 29” сувгийн “Good Day Philadelphia” нэвтрүүлгийн хөтлөгч Майк Жерик Пенсильванийн их сургуулийн профессор Жоанна Уолкертэй арьсны эрүүл мэндийн талаар шууд ярилцлага хийж байх үед ийм зүйл болсон байна. Доктор Ж.Уокер арьсны хорт хавдрын шинжилгээ өгөх ач холбогдлын талаар ярилцаж байхдаа хөтлөгч М.Жерикийн баруун гарын тохойн хэсэгт үзлэг хийгээд арьсны хорт хавдрын хамгийн түгээмэл хэлбэр болох “суурь эсийн хорт хавдар" гэсэн онош тавьжээ. Улмаар ихэд түгээмэл тохиолддог хавдар болохыг хэлээд "Эрт илрүүлбэл эмчлэхэд маш хялбар" хэмээн хөтлөгч залууг тайвшруулсан байна. М.Жерик ихэд цочирдсон царайгаар "Би одоо яах ёстой вэ? Яаж эмчлэх вэ?" гэж асуухад профессор хариуд нь "Хавдартай хэсгийг тайрч хаяад оёно. Суурь эсийн хорт хавдар нь маш удаан ургадаг, биеийн бусад хэсэгт тархах магадлал багатай” хэмээн түүнийг тайвшруулжээ. Үүний дараа хөтлөгч М.Жерик өвчнийхөө талаар “Fox News”-т өгсөн ярилцлагадаа "Би гар дээрх эмгэгээ эмчид үзүүлнэ гэж бодсоор өдий хүрсэн. Мэргэжлийн хүнээс тийм онош сонсоод машид цочирдсон” гэжээ. Тэрбээр удахгүй хагалгаанд орох гэж байгаа аж. Мэргэжлийн байгуулагын мэдээлснээр энэ төрлийн хорт хавдраар Америкт жил бүр ойролцоогоор 3.6 сая хүн өвчилдөг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.