images

Америкийн монголчуудын жилийн дундаж орлого 35500 доллар

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-06-03


   АНУ-ын Хүн амын тооллогын товчооны 2023 оны эцсийн дүнгээр тус улсад 50 мянга орчим монгол хүн амьдарч байна. Монгол-Америк гаралтай хүмүүс тоогоороо тус улсад 19 дүгээрт орох ази гаралтай үндэстэн болж байгаа бөгөөд нийт азиудын 0.2 хувийг эзэлдэг ажээ. Энэ тоонд өөрийгөө монгол гэж тодорхойлсон АНУ-д амьдардаг хүмүүс орж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гарал үүслээ монгол гэж үзсэн цагаач болон тус улсад төрсөн хүмүүс хамаарна. Ийнхүү өөрийгөө Азийн бусад үндэстэнтэй хамааруулалгүй дан монгол гэж тодорхойлсон нь 30 мянга буюу 76 хувийг эзэлжээ. “Pew Research” төвийн 2021-2023 онд хийсэн хүн амын эдийн засаг, нийгмийн амьдралын дүн шинжилгээгээр цэвэр монгол үндэстэн гэж өөрийгөө тодорхойлсон хүмүүсийн 50 хувь нь АНУ-д арваас дээш жил амьдарсан бол 32 хувь нь тус улсын иргэншилтэй байна. Мөн тэдний 5 болон түүнээс дээш настайнх нь 61 хувь англи хэлтэй бөгөөд тэдний 31 хувь нь зөвхөн гэртээ англиар ярьдаг бол 40 хувь нь гэртээ өөр хэлээр ярьдаг ч англи хэлдээ маш сайн ажээ. Гэртээ англиас өөр хэлээр ярьдаг хүмүүсийн 71 хувь нь монгол, хоёр хувь нь орос, нэг хувь нь хинди, нэг хувь нь хятад хэлээр ярьдаг гэнэ. Зөвхөн монгол гэж өөрийгөө тодорхойлсон 30 мянган хүний 28 хувь нь Калифорниа мужид амьдардаг. Үүний дараа Иллиноис, Виржиниа, Вашингтон, Колорадо мужид монголчууд олноор амьдарч байгаа аж. Мөн Америкийн монголчуудын дундаж нас 30.5 бөгөөд 25-аас дээш насныхны 69 хувь нь мэргэжлийн зэрэг эсвэл бакалаврын зэрэгтэй байна. Харин 59 хувь нь гэрлэсэн бол өрхийн дундаж орлого нь 2023 онд 54300 доллар байжээ. 16-аас дээш настай хүмүүсийн жилийн орлого мөн онд 35500 доллар байсан бол нийт монголчуудын 18 хувь нь ядуу амьдарч байна.

Гэрэл зургийн эх сурвалж: 5280.com

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.