images

72 жил төхөөрөмж дотор амьдарсан америк эр өөд болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-14


   Бага насандаа полиомиелит өвчнөөр өвчилж насан туршдаа асаргаанд байсан америк эр Пол Александр 78 насандаа өөд болов. “Associated Press” агентлагийн мэдээлснийг үзвэл, тэрбээр гэр бүлийнхнийхээ тусламжтайгаар амьдралынхаа түүхийг өгүүлсэн бичлэгүүдийг "TikTok"-т байршуулдаг байсан аж. "Ironlungman" нэртэй түүний цахим хуудас 337 мянган дагагчтай,  “Episode 1” бичлэгийг нь 56 сая хүн үзсэн байна. Энэ бичлэгтээ тэрбээр 1952 онд зургаан настай байхдаа полиомиелит өвчний улмаас саажилттай болж, тэр цагаас хойш "Iron lung" хэмээх төхөөрөмжийг бүх насаараа хэрэглэж ирсэн тухайгаа дэлгэжээ. Энэхүү төхөөрөмж нь сөрөг даралтат амьсгалын аппаратын нэг төрөл бөгөөд полиомиелит өвчний улмаас булчингийн хяналтаа алдсан өвчтөнүүдэд амьсгалахад нь тусалдаг. Том цилиндр хэлбэрийн бүтэцтэй, өвчтөний толгойноос бусад биеийг бүхэлд нь хүрээлж, дотроо хэсэгчилсэн вакуум үүсгэж уушгийг амьсгалах боломжтой болгодог төхөөрөмж юм. П.Александр энэ төхөөрөмж дотор насан турш амьдрахдаа 1978 онд Техасын их сургуульд эдийн засгийн бакалавр, дараа нь 1984 онд тус их сургуульд хуулийн чиглэлээр суралцаж төгссөн байна. Гар нь хөдөлдөггүй байсан тул амандаа саваа зууж түүгээрээ компьютерийн гар дээр товшин бичиж ном хүртэл гаргажээ. 2018 онд Dallas Morning News-т өгсөн ярилцлагадаа, түүний эдгээр амжилтын хөдөлгөгч хүч нь талийгаач эцэг эхийнх нь хязгааргүй их хайр байсан болохыг өгүүлсэн бөгөөд Аав ээж хоёр минь надад “Чи юу ч хийж чадна” гэж хэлсэн, би тэдэнд итгэсэн” хэмээн хэлсэн байдаг. Түүнийг "TikTok" хуудсаар нь дамжуулан сайн мэддэг болсон дэмжигчид нь урам зориг хайрласан захидал байнга илгээдэг байжээ. Томоос том төмөр төхөөрөмж дотор 72 жилийг өнгөрөөсөн энэ эрийг таалал төгсөхөд түүний хамгийн дотны найз Даниел Сфинкс "Пол маш сайхан инээмсэглэдэг байсан. Найз минь энэ дэлхийд тодоос тод гэрэлтсэн од байлаа" хэмээн “Associated Press агентлагт ярьсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.