images

Шинэ Зеландын парламент гурван гишүүнийхээ эрхийг юуны учир түдгэлзүүлэв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-06


   Шинэ Зеландын парламент “Маори” намын гурван гишүүний эрхийг 21 хоногоор түдгэлзүүлсэн тухай “New Zealand Herald” сонин мэдээлэв. Парламентын Сахилгын хорооны дарга Жудит Коллинз тэднийг "Парламентын өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулсан, заналхийлсэн” гэж тайлбарлажээ. Харин бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн гурван гишүүн маори үндэстэн учраас өөрсдөд нь ийм хатуу шийтгэл ногдуулсан гэж үзэж буй аж. Тэднийг юуны учир шийтгэв? 

   1840 онд Их Британи болон маоричуудын хооронд байгуулсан Вайтангийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх үед дээрх гурван гишүүн эсэргүүцэл илэрхийлэн хуралдааны танхимд уугуул үндэстний хака бүжиг хийсэн юм. Шинэ Зеланд улсыг үүсгэн байгуулсан баримт бичиг гэж тооцогддог Вайтангийн гэрээнд Их Британийн эзэнт гүрэн маори үндэстнийг захирах боловч газар нутаг, ой мод, загасны аж ахуй зэрэг байгалийн баялгийг бие даан эзэмших маоричуудын эрхийг баталгаажуулсан байдаг. Гэвч Засгийн газар Вайтангийн гэрээгээр зөвхөн маори үндэстэнд олгосон онцгой эрхийг нийт шинэ зеландчууд мөн эдлэх ёстой гэсэн заалтыг хуульд оруулах санаачилга гаргажээ. Энэ санаачилга ажил хэрэг болоогүй байгаа ч дээрх гурван гишүүн хака бүжиг хийж, хуулийн төслийг урж хаях зэргээр эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Хака нь Шинэ Зеландын уугуул иргэд болох маоричуудын дайн тулаанд явахаасаа өмнө хийдэг бүжиг бөгөөд нүдээ анивчих, хөлөө дэвсэх, хэлээ гаргах зэрэг хөдөлгөөн хийдэг аж. Өнөө үед энэ бүжиг нь зөвхөн маори төдийгүй Шинэ Зеландын ард түмний сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг зан үйл болжээ. Тухайлбал, тус улсын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогчид тэмцээн эхлэхээс өмнө хака бүжиг хийдэг уламжлал тогтоод байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.