Австрали: Ээжийнхээ дурсгалд зориулж 3800 км замыг 35 хоногийн дотор гүйж туулжээ
Анд нөхдийн мэдээ
2025-05-21
Их Британийн холын зайн гүйлтийн тамирчин Уильям Гүүдси өдөрт 100 км гүйж, Австрали тивийг 35 хоногийн дотор туулж дээд амжилт тогтоожээ. BBC агентлагийн мэдээлснээр, тэрбээр өнгөрсөн сарын 15-ны өдөр Перт хотын Коттеслоу эргээс гараагаа эхэлж, энэ сарын 19-ны өдөр Сиднейн Бонди далайн эрэг хүртэлх 3800 км замыг 35 хоногт дуусгасан байна. У.Гүүдси өдөрт дунджаар 100 км замыг туулжээ. Энэ нь 2023 онд Австралийн иргэн Крис Тернбуллын тогтоосон 39 хоногийн Гиннесийн дээд амжилтаас дөрөв хоногоор богино байсан бөгөөд энэ амжилтаа баталгаажуулж, Гиннесийн дээд амжилтын номд бүртгүүлэхээр төлөвлөж байна. Тэрбээр "Эхэндээ үнэхээр хэцүү байсан. Магадгүй миний амьдралд тохиосон хамгийн амаргүй сорилт мэт санагдаж байлаа. Бүр хэзээ ч дуусашгүй хар дарсан зүүд шиг санагдаж байсан ч бие махбод, оюун санааны хувьд хатуу чанга байж, бууж өгөхгүй, даван туулах болно гэж өөртөө амласан" гэжээ. Тэрбээр өөрийгөө сорьж ийнхүү холын замд гүйх тодорхой шалтгаан байсан гэнэ. 2018 онд ээж нь хорт хавдраар өөд болсны дараа ээжийнхээ дургалыг хүндэтгэж, бас хорт хавдрын судалгаанд зориулж мөнгөн хандив цуглуулахаар марафон гүйж эхэлсэн байна. Энэ удаагийн марафон аялалаараа дэлхий дахинд уриалга гаргаж, хорт хавдрын эмчилгээ, судалгаанд зориулж 250 мянган доллар цуглуулжээ. "Аялалын явцад шантрах үедээ ээж минь хорт хавдартай хэрхэн тэмцэж байсныг санаж, бас ээжтэйгээ хамт байна гэж бодон бүхнийг даван туулсан” гэжээ. Түүний аялалыг олон нийтийн сүлжээгээр дэлхий даяар шууд дамжуулсан бөгөөд сүүлийн 5 км замд зарим хүмүүс хамт гүйж, барианд ороход олон олон дэмжигчид нь угтан авч баяр хөөрийг нь хуваалцжээ. Өмнө нь тэрбээр АНУ-ын Лос-Анжелесаас Нью-Йорк хүртэл 5000 км замыг 55 хоногт туулж, бас Их Британийн 48 мужид марафон гүйлтэд оролцож байсан аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.